Wednesday, May 13, 2015

ФИТНЕСС ДЭГЛЭМИЙН АВАХ ГЭЭХИЙН УХААН

Эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж, дасгал хөдөлгөөн хийхээр шийдсэн бүсгүй болгонд баяр хүргэе! Тодорхой зарчмуудыг баримталж чадвал фитнессээр хичээллэж эхлэх нь тийм ч хэцүү зүйл биш. Дараах авах гээхийн дүрмийг баримтлаарай.


Авах /болно/:
• Фитнессийнхээ зорилгыг тодорхойлж бич. Зүгээр л турмаар байна, эсвэл таргалмаар байна гэж бичиж болохгүй. Тэдэн хоногийн дараа гэхэд би тийм жинтэй болсон байна гэж тодорхой бичээрэй. Тэгвэл түүнийхээ төлөө чи шаргуу хичээллэнэ.
• Өдрийн чинь хоолны дэглэмд хангалттай хэмжээний хүнсний ногоо, жимс орж байгаа эсэхт анхаар.
• Иддэг порцоо багасга. Тэгээд 3 их биш, 6 бага хэмжээний хоол ид.
• Фитнессийн анхны өдрөө хэмжилт хийлгэж, түүнийгээ тэмдэглэж ав. Тэгээд 3 сарын дараа дахин хэмж. Өдөр болгон хэмжих шаардлагагагүй. Өөх задарч булчин суухад наад зах нь 3 сар хэрэгтэй.
• Фитнессд явж эхлэхээсээ өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Чихрийн шижин зэрэг зарим өвчний үед хооллох, дасгал хийх дэглэм өөр байдаг.
• Өөрийнхөө чихэр жимс, тослог хоол идэх хүслээ өөр зүйлээр орлуул. Зайрмагны оронд хөлдөөсөн жимс идэж, бүтэн шоколад идэхийн оронд “Сладко” шиг жижигхэн шоколадаар хорхойгоо дар.
• Фитнессийнхээ өмнө ба дараа нь үргэлж сунгалтын дасгал хий. Тэгвэл бие чинь хөшүүн чанга биш уян хатан галбирлаг болох болно.
• Бага багаар өөрийнхөө ачааллыг нэмэгдүүл. Өөрийгөө үргэлж ялан дийл, сэтгэл ханах хэрэггүй.
• Дасгалынхаа дэглэмийг сольж өөрчилж болно. Учир нь нэг л дасгалыг өдөр бүр хийгээд байвал чи амархан ядарч, фитнессээ таслахыг хүсэж магадгүй.
• Цүнхэндээ үргэлж эрүүл зуушийг бэлэн авч яв. Тэгвэл чи юм идмээр санагдахаараа гарын доорх түргэн хоолыг барьж аваад байхгүй.

Гээх /болохгүй/:
• Хэт их хичээллэж болохгүй. Чиний булчин амрах хэрэгтэй.
• Өглөөний цайгаа уухгүй гарч болохгүй. Өглөөний цай нь чиний бодисын солилцоог эрчимжүүлж тэр өдрийн эрч хүчийг өгдөг ганц хоол. Үүнийг уухгүй бол чиний дасгал үр дүнд хүрнэ гэж найдаад ч хэрэггүй.
• Сунгалын дасгалаа алгасаж болохгүй. Тэгвэл бие чинь хөшиж, дагсалаа техникийнх нь дагуу бүрэн гүйцэд хийж чадахгүй.
• Бодит байдлд нийцэхгүй зорилт тавьж болохгүй. Хүн нэг долоо хоногт ихдээ 0,5-аас 1 кг-ыг хасч чадна. Хэрэв чи 10 кг-ыг хасах зорилго тавьсан бол хоёрхон долоо хоногт үр дүнд хүрнэ гэж найдах хэрэггүй, тэгвэл урам чинь хугарна.
• Өөрийнхөө амжилт, уналтыг бусдынхтай харьцуулж болохгүй. Хүн болгоны биеийн онцлог, бүтэц өөр. Тиймээс нэг хүнд үйлчилсэн дасгал өөр хүнд нөлөөлөхгүй ч байж болно.
• Хааяа нэг хичээллэж болохгүй. Тэгвэл чиний хичээл зүтгэл үр дүнд хүрч чадахгүй. Амжилтанд хүрэхийн тулд хааяа нэг завтай үедээ ажлаа хийдэг хүнийг мэдэхгүй л биз дээ? Тууштай зүтгэл л чамайг баярлуулна.
• Шантарч болохгүй. Дасгал хөдөлгөөн нь удаан ч бай, хурдан ч бай ямар ч байсан үр дүнд хүрдгээрээ давуу талтай. Хэрэв чи шантрах гээд байвал цуг явдаг найзтайгаа ярилц.
• Тодорхой зорилгод хүрснийхээ дараа өөрийгөө урамшуулахаа мартаж болохгүй.
Анхан шатны хичээллэгчдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа нь нэг дор ихийг хийхэд шунах юм. Тэгвэл хэдхэн хоногийн дотор ядарч туйлдах болно. Чи тэртэй тэргүй хэсэг хугацааны дараа дэглэмээ байнга өөрчлөх хэрэг гарна. Амьдрал бол мөнхийн хөдөлгөөнт аялал, фитнесс ч бас.

No comments:

Post a Comment